Хамгийн сүүлд нэмэгдсэн нийтлэл:
Дууриамал аз жаргал
2017 оны 5 сарын 3 [Уншсан тоо: 31038]

Би хэзээ хамгийн их аз жаргалтай байсан бэ?

Хүн төрөлхтөн аз жаргалтай амьдрахыг үргэлж хүсэн мөрөөдөж, түүндээ санаа зовинож ирсэн билээ. Нэг хүний аз жаргал нийтийн аз жаргалтай зөрчилддөг учир орлогын түвшин, боловсролын чанар, орон байр, нийгмийн гарал зэргээс хамаарч аз жаргал хүн бүрт өөрөөр тусна.

Тэгвэл аз жаргалыг дэлхийн улсууд хүн амын сайн сайхан байдал, дундаж наслалт, тэгш бус байдал, экологийн нөөцийн эрэлт гэсэн дөрвөн нийтлэг хүчин зүйлсээр тодорхойлдог байна. Жил бүр Лондонгийн судалгааны институтээс гаргадаг “Аз жаргалтай дэлхий” индексийг Коста Рика улс гурав дахь удаагаа тэргүүлж, хүн амын орлогоороо хамгийн баян орнуудын нэгд тооцогддог Люксембург хойноосоо хоёрт, АНУ 108 дугаарт орсон байна. Харин манай улс 2016 онд аз жаргалын индексээрээ дэлхийн 140 орноос 136-д жагсч Монголчууд аз жаргалаа хэрхэн мартсан, аз жаргалын тухай үнэлэмжээ хаа нэгтээ гээснийг нотлон харуулсан.

Жагсаалтыг тэргүүлсэн Коста-Рика улсын хүн ам 4.8 сая, газар нутаг нь манай Сэлэнгэ аймгаас ялихгүй том гэх мэтээр манайхтай харьцуулашгүй ч тус улсын түүхийн хүндхэн үеүүд бидний өнөөгийн нөхцөл байдалтай тун төстэй. Гадаадын өр зээлд баригдан экспортынхоо 50 хувийг өрөндөө төлж, 1986 онд эдийн засаг нь элгээрээ мөлхөн өр зээлээ төлөх чадваргүйгээ зарлаж байсан удаатай. Дампуурлын ирмэгт тулж байсан улс гучхан жилийн дотор хэрхэн Латин Америкийн хамгийн тогтвортой, хурдацтай цэцэглэн хөгжиж буй, хүн ажиллаж амьдрах хамгийн таатай улс болов?

2015 оноос нүүрс, газрын тос зэрэг органик түлшнээс татгалзаж эхлэн, “ногоон хөгжлийн” үзэл баримтлалын нөлөөгөөр сэргээгдэх эрчим хүчээр хэрэгцээгээ 100 хувь хангаж, “Үйлдвэрлэл- Аялал жуулчлал- Ногоон эдийн засгийг” хослуулан, шинжлэх ухааны ололтод тулгуурлан хөгжүүлсэн нь тэдний амжилтыг тодорхойлно. 1949 онд цэрэг армиа татан буулгаж тус салбарт зарцуулдаг санхүүжилтээ боловсролын салбарт шилжүүлснээр өндөр боловсролыг бэлтгэж эхэлсэн нь тэднийг аз жаргалтай улс болоход хүрсэн бас нэгэн ололт.

Өөрөөр хэлбэл хүнээ аз жаргалтай байлгахын тулд шинэчлэлээс үүссэн тооцоолошгүй их хэрэглээг хянаж сурах, тэр бүхэнд хөтлөдөг хийсвэр хүслийн хязгаарыг мэдэрч, хүн нийгмийн харилцаанд “өгч, авахын хариуцлага” суулгах нь бидний хайгаад олдоггүй өнөөх аз жаргалын сэжүүр юм.

Аз жаргалгүй улс

Тэгвэл бид яагаад аз жаргалгүй болчихсон юм бэ?

Аз жаргал гэдэг үгийг сэтгэл ханамжийн үүднээс тайлбарлахад хамгийн сүүлд Монгол хүн олимпийн дэвжээнээс алтан медаль авахад нийтээрээ аз жаргалтай байсан. Их аварга Д.Дагвадоржийг Их наран улсын үндэсний сүмо бөхийг эзлэн дагуулж байхад бид их аз жаргалтай байсан. Гэхдээ энэ бүгд удалгүй мартагдсан. Учир нь хүний амжилтыг үнэлж чаддаггүй нийгмийн хэсэг илүү ихийг хүссэн учраас л тэр. Нөгөө талаар Монгол хүний аз жаргал галын дөлөнд ганц ширхэг шүдэнз зурахын хооронд л асдаг зүйл гэдгийг нийтээрээ мэдэрсэн боловч ухамсарлаж чадаагүй. Энэхүү ойлголтыг олон эрдэмтэд онцгой тайлбарласан байдаг учир ингэсгээд орхиё. Монголчууд аз жаргалыг өнөө хэр таньж чадаагүй. Дийлэнхдээ мөнгөний эрх чөлөөтэй хольж хутгаж ойлгодог. 1980 оны сүүлчээр Улаанбаатарт 3 мянган автомашин байсны ердөө нэг зуу нь л хувийнх байсан гэдэг. Одоо бол 200 мянга орчим автомашинтай баян улс. 2 сая гаруй хүн гар утас хэрэглэдэг. Нэг л өглөө сэрэхэд iphone шинэ загвараа танилцуулсан, автомашины зах зээлийг тэргүүлэгч Toyota, Land Cruiser, Honda, Mercedes Benz компаниуд бүтээгдэхүүнээ сайжруулсан гэх мэтээр шинэчлэл маш хурдан. Бид ч технологийн дэвшлээс хоцрохгүйг хэрэндээ л хичээж яваа. Магадгүй энэ нь технологийн гэхээсээ илүү орчин үеийнхний үнэлэмжийг тодорхойлох үүсмэл хэв маяг, гангараа,заримдаа “чирэгдэл” болж байгаа. Уг нь шинэчлэл бол сэтгэлгээг үндсээр нь өөрчлөх ёстой. Үүнд л алдаа гарсан мэт!

Шинэчлэлийг мэдээж үгүйсгэх аргагүй, гэвч баримжаалахын аргагүй олон сонголтондоо төөрч, хэрэглээг хянаж чадахгүй байгаа нь л бидний аз жаргалгүй байх хамгийн том шалтгаан бололтой.

Бид хувьслын салхийг мэддэг ард түмэн. Өмнө нь хүмүүс ном зохиол, зурагт, хүлээн авагчийг мөн л шинэчлэл мэтээр хүлээн авч байсан. Гэхдээ илүү соён гэгээрүүлэх хэмжээнд ойлгож байсныг мартаагүй хүмүүс өчнөөн. Монгол хүний хариуцлагатай, ёс суртахуунч байдлыг XXI зууны романтик хүслээр солих үеэс л Монголчуудын аз жаргалгүй байх зовиур эхэлсэн мэт. Үүнд нөлөөлсөн хүчин зүйлсийн нэг нь ардчиллыг үйлдвэртэйгээ хамт хөгжүүлж чадаагүй.

Монгол үйлдвэрийн орон байсан. Өдөр нь яндан дуугарч хүмүүс цайндаа орно, орой яндан дуугарч гэртээ харина. Тэр үед траншэйнийн хүүхдүүд, гудамжны архичин гэж байгаагүй. Өөрөөр хэлбэл нийгмийн харилцаа хариуцлагаар зохицуулагдаж байсан үе. Харин өнөөдөр хариуцлагыг орхигдуулснаар бүс нутаг, хотын дүүргүүдэд, эмэгтэйчүүд, өсвөр насныхны үхэл ихэссэн. Монголчуудын гурван хүн тутмын нэг буюу хүн амын 27 хувь нь ядуу зүдүү амьдралтай, 2016 оны 11-р сарын эцэст 45.3 мянган ажилгүй хүн байсны 23.5 мянга нь эмэгтэйчүүд байсан зэргээр бидний аз жаргалыг тодорхойлох үзүүлэлтүүд хүндхэн. Хүн амын эрүүл мэнд, байгаль орчны хурц асуудал, гамшигт үзэгдэл, осол, гэмт хэрэг зэрэг нийгмийн хөгжлийн үзүүлэлт зүгээр л нэг оройн мэдээгээр сэтгэл зовинон хүлээж авах “үйл явдал” төдий болон хувирсан. Хамгийн харамсалтай нь ажилгүйчүүдийн 30.1 хувь нь бакалаврын дипломтой, 2 хувийг нь магистр доктор эзэлдэг бөгөөд нийт хүн амын тал хувь нь дээд боловсролтой. Дээд боловсрол л эзэмшчихвэл аз жаргалтай амьдарна гэсэн ойлголт дотоодын их дээд сургуулийн сургалтын төлбөрийг тэнгэрт хүргэсэн. Тэглээ гээд тэд аз жаргалтай байна уу. Айл болгон нэгээс хоёр машинтай, хоёроос гурван ухаалаг утастай, тансаг гэмээр хэрэглээтэй болж, гадныхныг ихээр дууриаж амьдралынхаа хэмнэл болгохыг хүсдэг, гэтэл тэглээ гээд тэд аз жаргалтай байна уу. Бараг хүн болгон байр, машины зээлтэй, амралт, баяр наадмыг өр тавьж байгаад тэмдэглээд сурчихсан. Түүнээсээ болж маш ихээр стрессддэг. Энэ л бидний аз жаргалгүй байх хямралыг үүсгэсэн. Өөрөөр хэлбэл хариуцлагаа алдаж байна гэдэг бол аз жаргалаа алдаж байгаатай л ижил ойлголт юм. Гэтэл XXI зууныхан хариуцлага гэдэг үгийг социализмын үг хэллэг, өнгөрсөн баларсан ойлголт мэтээр хүлээж авдаг шүү дээ. Бидний ахуй амьдрал, оюун сэтгэлгээг ингэтэл нь өөрчилсөн шалтгаан бол хариуцлагыг мартсан. Тиймээс ихэнх хүмүүс төр засгаас хайр халамж, аз жаргалаа нэхдэг.Аз жаргалгүй байгаагаа төр засагтай холбож ойлгодог. Гэвч энэ нь хувь хүнтэй л холбоотой асуудал. Өнөөдөр дэлхий нийтээр хамгийн аз жаргалтай хүн гэж өөрийгөө олж нээсэн, ёс суртахуунтай, ухаалагаар сонголтоо хийх чадвартай бөгөөд эдгээрийг нэгтгэсэн ойлголт буюу хариуцлагатай, бүтээлч хүнийг л аз жаргалтайд тооцох болсон.

Манай улсад зонхилдог аз жаргалын хоёр хандлага байдаг. Хариуцлага бага хэрэглээ өндөр хүмүүс.

Сонгуулийн амлалт биелэх нь ховор гэдгийг мэддэг хэрнээ төрөөс халамж, тусламжийг хүлээж суудаг буюу зорьсноо эхэлж чаддаггүй, үргэлж авах сонирхолтой аминч хүмүүс. Хаана шинэ юм гарна бүхнийг л хэрэглэнэ. Байгаа зүйлээ үнэлж чаддаггүй, бүх зүйл чамлалттай санагдаж, ганцхан надад л байхгүй гэх хандлагатай буюу хэзээ ч аз жаргалдаа ханадаггүй учраас түүндээ бухимдаж стрессддэг хэсэг. Тиймээс маш олон зүйлээс аз жаргалаа хайдаг. Жишээ нь цахим орчны баримжаалахын аргагүй мэдээлэлд өөрийн үзэл бодлоо алдаад сэтгэл гутралын байдалд шилждэг. Орой бүр зурагтын өмнө зовсон Солонгос хүүхнийг өрөвдөж уйлна. Гэхдээ тэд инээх дуртай. Хошин шог үзэж алжаалаа тайлна. Тэр инээд нь нийгмийг шоолсон инээд үү, өөрийгөө шоолсон инээд үү бүү мэд! Ямартаа ч аз жаргалыг л хүсэмжилсээр...

Хариуцлага их, хэрэглээ бага хүмүүс

Энэ төрлийн хүмүүс өөрөөсөө аз жаргалаа хайдаг, хэрэглээгээ зохицуулж чаддаг. Ёс суртахуунтай, хариуцлагатай, бүтээлч чанарынхаа үр шимээр тэд хамгийн аз жаргалтай байдаг. Байгаль орчин, хүрээлэн байгаа эд зүйлсийг хайрладаг, ихийг хүсдэггүй хүмүүс. Нэг үгээр “авсаархан” хэрэглээтэй. Тэд ихэвчлэн аз жаргалаа хэн нэгнээс хайх бус өөрсдөө бүтээсэн байдаг.

Дууриамал аз жаргал

Дээрх хоёр хандлагыг хослуулсан дууриамал аз жаргал манайд ихээхэн дэлгэрэх болсон байна. Улаанбаатар хотод 330 000 өрхийн 1,7 сая гаруй хүн амьдардаг. Хотын нэг үзэгч өдөрт дунджаар 288 минутыг телевиз үзэхэд зарцуулдаг. Нэг өдөрт 4-5 цагийг цахим орчинд өнгөрүүлдэг. 14 хоногт 1-2 удаа уушийн газар орж эрх чөлөөг “хязгааргүй” мэдрэх амьдралын хэмнэлтэй. Дунджаар хоёр сард нэг удаа кино театрт зочлон бодит нөхцөлд буудаггүй хэтрүүлэл ихтэй амьдралыг үзэж таашаана. Үзсэн, сонссон зүйлээ дууриах гэж хичээнэ. Мэндлэх ч завгүй. Энэхүү дууриамал хэв маяг хотын соёл гэж тодорхойлогдох болсон. Орон нутгаас хүмүүс үүнд л татагдаж, өөрчлөлтийг хүсэн Улаанбаатар руу цувах их нүүдлийг үргэлжлүүлсээр. Хотын хүмүүс өнгөн дээрээ “гоё” харагддаг болохоор аз жаргалтай гэж боддог. Тэдний бий болгосон “хэрэглээ өндөртэй дууриамал аз жаргалыг” хүснэ. Гэвч хариуцлагагүй, ёс суртахууны хүмүүжил тогтоогүй, өөрийн дархлаагүй хүмүүс дууриамал аз жаргалын эрчинд маш хурдан орж олон ч удаа хөл алдаж, зарим нь өндийх ч тэнхэлгүй болтлоо живэх нь олонтаа.

Дууриамал аз жаргал бий болоход нийгэмд зонхилж байгаа соёл маш хүчтэй нөлөөлдөг.

Монгол улсын хүн амын талаас илүү хувь нь хотын харьяалалтай болж хөдөөгөөс хот руу, хотоос дэлхий рүү шилжих нүүдлийн явцад соёл хоорондоо уусч хариуцлага бага, хэрэглээ өндөртэй амьдралын хэв маягийг бий болгон дууриамал аз жаргалыг үүсгэсэн.

Олон улсад соёлын тухай 400 гаруй тодорхойлолт байдаг ч хамгийн сүүлд соёл судлаач Ж.Долгорсүрэн монгол хүний онцлог, оюун билэгт тохируулан соёлын тухай ойлголтыг нэгтгэн дүгнэж “Соёл гэдэг нь гүн гүнзгий утга чанартай, өргөн дэлгэр агуулгатай, хүний мөн чанарыг илрэн хэрэгжүүлэх түүхэн тасралтгүй үйл явц” гэж тодорхойлсон байна. Үүнээс үзвэл аз жаргалтай байх нь хүний үндсэн мөн чанараас эхэлнэ, харин хүний мөн чанарыг соёл бүрэлдүүлдэг гэх эргэх холбоо бүхий нэгэн бүхэл ойлголт. Тийм болохоор соёлын нөлөөлөл нь хүмүүсийн ухамсар, хариуцлагаар илэрч байдаг.

Манай нийгэмд зонхилох болсон гэр бүл салалт, гэр бүлээс гадуурх харилцаа, хар тамхи мансууруулах бодис, амиа хорлолт, хүчирхийлэл, оюуны ядуурал, сэтгэцийн хямрал,мөнгийг аз жаргал мэтээр үнэлдэг зэрэг соёлын сөрөг үзэгдлүүд өчнөөн бий. Нийгэмд сөрөг үзэгдэл зонхилж эхлэхээр систем доголдолтой болж, олон нийтийн хямралыг өдөөж, дайсагнал дагуулдагийг бидний түүхэнд хараар тэмдэглэгддэг “7 сарын 1”-ний өдөр гэрчилнэ. Гэтэл манай улс чинь дээд мэргэжилтнээр дүүрэн орон шүү дээ. Хэдийгээр хүн бүхэн тэгш эрхийн үндсэн дээр соёлыг ойлгох ч нийтийг хамарсан аливаа сөрөг ухуулгаас ангид байж өөр хоорондоо зөрчил гаргахгүй байх нь нийгэм эрүүл хөгжихөд асар үнэтэй зүйл. Өөрийн мөн чанараа соёлын эерэг нөлөөгөөр таньж мэдээгүй хүн аз жаргалтай амьдрахад тун хэцүү. Ихэвчлэн сөрөг хандлагад хөтлөгдөх гээд байдаг. Өнөөдөр Монголын хамаг л эрчүүд Солонгос улсад барилгын шавар зуурч, эсвэл уурхайн гүнд амь насаа дэнчин тавьж, эмэгтэйчүүд нь хаа нэгтээ буудлын өрөөний цэвэрлэгч, угтан үйлчлэгч хийж байгааг бүгд л мэдэж байгаа. Үүнийг одоохондоо буруутгах аргагүй. Яагаад гэвэл тэд ч бас аз жаргалаа л хайж яваа. Зөв, бурууг хэн ч дэнслэхгүй, гэхдээ хамгийн сүүлд “Би хэзээ хамгийн их аз жаргалтай байсан бэ?” гэх өөрийнхөө асуултанд өөрөө хариулахад бэлэн байхад л хангалттай.

Угтаа соёл нь нийгмийн үнэт зүйлсийг тодорхойлж, хүний оюун санаа, ухамсарыг төлөвшүүлэх,үндэстэн оршин тогтнох нөхцөлийг бүрдүүлдэг учир төрөөс бодлогоор зохицуулагдах ёстой ч хувь хүн өөрөө ёс суртахуунтай, хариуцлагатай иргэн болон төлөвшиж байж л Монгол улс аз жаргалтай орон болно. Тэгвэл бид хэзээ аз жаргалтай болох вэ, хүлээж л суух уу? Үүнд гарц бий. Өөрөөр хэлбэл соёл, урлагийн нөлөөлөл нийгэмд үүссэн сөрөг хандлагийг зассаар ирсэн.

2050 онд дэлхийн хүн ам 9 тэрбум болно. Дэлхийн хүн амын 60 хувь нь хотод амьдарна. Тэр үед хүний хэрэгцээ хязгааргүй их болно. Нэгэнт хүн шинжлэх ухаан, технологийн хурдтай зэрэгцэн алхаж чадахгүйгээс хойш бидний ирээдүй ямар байдалтай байх вэ? Хэрэглээгээ гүйцэлдүүлж чадахгүй гээд сэтгэл гутралын орон болох уу? Эсвэл Монголд хэн ч үлдэхгүй юу?

Аз жаргалын ул мөр хаана үлдэх вэ?

Үнэнтэй уулзахад хэцүү. Энэ бүхнийг бичлээ гээд хүмүүсийн дүргүйг хүргэхээс өөрчлөлтийг горьдох хэрэггүй гэдгээ мэдэж байна. Учир нь манай нийгэм одоохондоо өөрийгөө засаж чадахгүй хэмжээнд хүртлээ бие муудсан. Хэзээ гэдгийг таах боломжгүй ямартаа ч “сэтгэлгээний дахин төрөлт” бий болж байж л өнөөдрийн энэ нийтлэлийг өнгөрсөн үеийн ул мөр хэмээн хэсэгхэн хормоо л зарцуулах төдийхөнд. Гэхдээ магадгүй жоохон ч гэсэн найдлага тавимаар байна. Магадгүй 2050 онд бид Коста-Рика шиг хэрэглээ багатай хариуцлага өндөртэй, аз жаргалтай орон болох ч юм билүү. Ядаж л өөрсдөө газар тариалангаа эрхэлж хоол хүнсээ бэлтгэдэг болох ч юм уу, чанартай боловсролыг эзэмшихээр явсан Монгол залуус буцаж ирэх ч юм билүү, аз жаргал гэдгийг хөрөнгө мөнгө төдийхөн бус өөрийн сэтгэл ханамжиндаа цэг тавих гэдгийг ойлгох ч юм билүү.


http://resource.baabar.mn/toimdesigner/file/2017/5/9308386c5ab39afd/f558cc8ffa8a38c9.jpg


http://resource.baabar.mn/toimdesigner/file/2017/5/545ec7cb6308659d/545e4b0cb3c0c7d9.jpg


http://resource.baabar.mn/toimdesigner/file/2017/5/962c60cc4ddb408c/2357edbe73b6cb8a.jpg


http://resource.baabar.mn/toimdesigner/file/2017/5/130bbc2efb7523f4/78562548d0a0f185.jpg




Нийтлэлч Д.БОЛОРЦЭЦЭГ
Үндэсний ТОЙМ сэтгүүл дугаар 331





"Монголын шилдэг нийтлэлчдийн клуб" танд таалагдаж байвал LIKE хийгээрэй.
Нийтлэлийн архив